Мэдээ, мэдээлэл

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ ХҮЗҮҮНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ЭМНЭЛЭГ БОЛЛОО

2021.07.22

Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг иргэн бүрд хүргэхийн төлөө Монголын эрүүл мэндийн салбарт гэгээ татуулан 2009 онд орж ирсэн “Грандмед” эмнэлэг өдгөө нуруу нугасны бичил, мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гурав дахь шатлалын төв эмнэлгийн төвшинд хүртлээ өргөжөөд байна. Тус эмнэлгийн ололт, амжилт, нөр их хөдөлмөрийг Монголд төдийгүй Олон улсад үнэлж Швейцар, АНУ зэрэг орнуудад болсон нэр хүндтэй хурал, фестивалиас удаа дараа шагнал хүртээд байгаа билээ. Тэгвэл саяхан “Гранмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар манай улс дэлхийд энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь улс болж чадлаа. Энэ талаар “Грандмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Б.Нурбектэй ярилцлаа. 

  • “Грандмед” эмнэлгийн нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар дэлхийд манай улс энэ төрлийн хагалгаа хийдэг хоёр дахь улс болсон сайхан мэдээ байна. Ер нь энэ төрлийн хагалгаа өмнө нь хийгддэг байсан уу?  

Хүзүүний дурангийн хагалгааг хийсэн хоёр дахь орон болж байна. Өмнө нь БНСУ энэ төрлийн хагалгааг дэлхийд ганцаараа хийдэг байсан. Одоо манай улс хоёр дахь орон боллоо. 1970, 1980-аад оны үед хүзүүний хагалгааны анхны аргууд гарсан байдаг. Гэхдээ хагалгааг нээлттэй аргаар хийдэг байсан. Нээлттэй аргаар хийхийн тулд хүзүүний ард зүслэг хийж хийдэг. Гэтэл сүүлийн үед эрдэмтэд хүзүүний булчин маш чухал үүрэгтэй гэж тодорхойлсон. Нээлттэй хагалгаа нь булчинг ихээхэн гэмтээдэг учраас хагалгааны дараа толгой өвдөх, хүзүүгээр байнга өвддөг болох зэрэг сул тал ихтэй байсан.  Харин 2016 онд хүзүүний хагалгааг дурангаар хийж болно гэсэн шинэ арга гарсан. Дурангийн гол  зорилго нь тэр 1970, 1980-аад оны хагалгаатай адилхан боловч толгой хүзүүний булчингаа гэмтээхгүй хийдгээрээ ач холбогдолтой гэж хэлж болно.  Ер нь хүзүүний хагалгаа хийж нугасны цаана байгаа мэдрэлийг чөлөөлж байгаа учраас энэ төрлийн хагалгаа өөрөө маш хүнд юм. Тиймээс БНСУ-аас бусад оронд төдийлөн хийгддэггүй байсан.

  • Дэлхий дахинд эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж байхад ганцхан БНСУ-д энэ хагалгаа хийгддэг байсан гэхээр таны хэлээд байгаа шиг нэлээд хүнд, ур чадвар шаардсан хагалгаа болж таарах нь. Тийм үү?

Хүзүү өөрөө их жижигхэн ястай. Үүн дээр дурангаар хагалгаа хийнэ гэдэг их эрсдэлтэй. Тийм учраас олон улсад энэ хагалгааг хийгээд байдаггүй. Бидний хувьд нэлээд олон хүнд энэ хагалгааг хийж туршлагажаад нэг ёсондоо нутагшуулж чадлаа гэсэн үг л дээ. Ингэснээр энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь орон боллоо. БНСУ-д хүзүүний дурангийн хагалгааг хийдэг. Гэхдээ түгээмэл биш. Энэ төрлийн хагалгаанд мэргэшсэн, мэргэжлийн эмч цөөхөн бий.

  • Энэ хагалгааг ямар тохиолдолд хийдэг вэ?

Манайхны яриад байдаг остеохондроз буюу хүзүүний шохойжилт үүссэн, яс ургасан үед хүзүү өвддөг, толгой өвддөг, бүр цаашлаад дал мөр рүүгээ бадайрах шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд ихэвчлэн нэг мэдрэл, хоёр мэдрэл, гурван мэдрэл гээд олон мэдрэл зэрэг дарагдсан байдаг. Ийм үед л мэдрэлийг чөлөөлөх үүднээс хийгддэг хагалгаа. Одоогоор дэлхийд ийм өвчний үед хүзүүний урдаас нээлттэй хагалгаа хийж дискийг солих арга хэмжээ авдаг. Диск солихын тулд хүзүүний урдаас зүсэлт хийж байгаа учраас улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, гүрээний артерийг гэмтээх зэрэг маш их эрсдэлтэй. Хоёрдугаарт хүзүүний нэг дискийг сольчхоор нөгөө дискэнд нөлөөлж, тодорхой хугацааны дараа бусад диск нь муудах эрсдэлтэй байдаг. Нэгнийхээ ачааллыг бусад дискнүүд авдаг гэсэн үг. Тэгвэл дээрх дурангийн хагалгаа бол хүзүүний араас хийж  мэдрэлээ чөлөөлнө. Хүзүүний урдаас хийдэг хагалгаа шиг бусад дискнүүдэд нөлөөлөхгүй.  

  • Хүзүүний диск солиулснаас илүү дурангийн хагалгаа хийлгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

Хүзүүний диск солиулсан хүн их байна. Дараа нь өөр дискнүүддээ нөлөөлдөг. Остеохондроз гэдэг маань зөвхөн нэг мэдрэлийг дардаггүй. Гурав, дөрвөн мэдрэлийг зэрэг дардаг. Тэгэхээр гурав, дөрвөн дискийг зэрэг солино гэсэн ойлголт байхгүй. Дурангийн хагалгаагаар гурав, дөрвөн мэдрэлийг зэрэг чөлөөлөх боломжтой. Хоёрдугаарт булчингаа гэмтээхгүй учраас зовиур багатай. Гуравдугаарт хүзүүн дээр маш олон шохойжилт үүссэн, яс ургасан гэх боловч ихэвчилэн хүзүүн дээр гол өвдөлт үүсгэдэг нэг л мэдрэл байдаг. Учир нь нугасанд нөлөөлөхгүйгээр яг тухайн өвчтэй мэдрэлийг олно гэдэг амаргүй. Дөрөвдүгээрт энэ өвчнөөр ихэвчлэн настай хүмүүс өвчилдөг гэж хэлсэн. Тэгвэл тэр хүмүүс ясны сийрэгжилттэй байдаг. Тэр утгаараа диск тавьчхаар эргээд шахагдаад хугарах эрсдэл байдаг. Харин дурангийн хагалгаа бол ясны сийрэгжилттэй байсан ч хийж болдог. Бид хамгийн нарийн голчтой буюу 7 мм-н дуранг ашиглаж, бага зүслэгээр мэс заслыг хийдэг ба өвчтөн нэг хоноод эмнэлгээс гардаг нь манай гол давуу тал болно.

  • Монголд хүзүүний шохойжилттой, дал мөр рүүгээ дарж өвддөг оноштой хэр их хүн байдаг бол?

Толгой өвддөг, гар нь бадайрдаг, хүзүү нь өвддөг остеохондроз оноштой маш их хүн байдаг. Ихэнхдээ 50-аас дээш насныхан энэ төрлийн зовиураар их шаналж нойргүй хонож байна. Хүзүү, толгой өвдлөө гэдэг. Даамжирч зүрхээр хатгаад байна гэх тохиолдол ч байна. Зүрхний шинжилгээ хийхээр зүгээр гараад байдаг. Яг цаанаа хүзүүтэй холбоотой байдаг.

  • Хүзүүний хагалгааг хийх шаардлагатай ч тоохгүй удаан явах нь ямар эрсдэлийг дагуулж болох вэ?

Настай хүмүүсийг бид мэднэ дээ гарны булчингууд нь хонхойгоод орчихсон байдаг шүү дээ. Мэдрэлийн судсууд удаан хугацаанд дарагдаад явахаар булчингууд нь хатангиршина. Гэхдээ хүзүүний остеохондроз гэдэг оноштой хүмүүсийн таван хувь нь л дээрх хүнд хэлбэрээр өвддөг. Үлдсэн 95 хувь нь эмчилгээний үр дүнг хурдан өгдөг.

  • Манайхан хүзүү, толгой их хөшиж хөөрч байна гээд байдаг. Энэ өвчний бас нэг тэмдэг мөн үү?

Оролгүй яахав. Хүзүү, толгой их хөөрдөг хүмүүс даралт ихэсч багассантай холбоод яриад байдаг. Тэгэхээр байнга хүзүү, толгой хөшиж хөөрч өвдөөд байна гэдэг хүзүүтэй л холбоотой.

  • Одоогоор энэ төрлийн хэчнээн хагалгааны ард гараад байна вэ?

Нийтдээ 2000 гаруй дурангийн хагалгааг бид хийгээд байна. Урт хугацааны судалгаа, дурангийн хагалгааг 1500 гаруй хүнд хийж байж сая бид хүзүүний дурангийн хагалгааг нутагшуулж чадлаа гэж хэлэх эрхтэй болж байна. Өөрсдийгөө маш сайн бэлдсэний хүчинд дараагийн шатанд шилжиж байна гэсэн үг.

  • Хагалгааны багийн бүрэлдэхүүний тухайд?  

Манай багийн хувьд одоохондоо гурван эмч ажиллаж байна. Бүгд л дурангийн хагалгааны мэргэшсэн эмч нар. Бид жилд 400-500 дурангийн хагалгаа хийдэг. Дээрх хагалгааг нутагшуулахын тулд маш их дэмжлэг хэрэгтэй болсон. Хөрөнгө оруулалт, эмнэлгийн удирдлага, багийн зүгээс гээд маш олон дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Бидний хувьд өнөөдөр тэр бүх нөхцөл сайн бүрдсэн.

  • Танай эмнэлэгт гадаадын олон иргэд эмчлүүлдэг гэж сонссон

Бид Орос, Хятад, АНУ, Герман зэрэг гадаадын олон орны иргэдэд мэс засал хийсэн, тэд манай эмнэлгийн талаар сайн мэддэг болсон байна. Түүнчлэн Солонгос, Тайландын Бумренгранд болон гадаадын эмнэлгүүдэд хагалгаанд ороод хагалгаа нь амжилтгүй болсон олон хүн манай эмнэлэгт давтан хагалгаанд ороод эдгэрсэн. Ер нь гадаадын эмнэлэг болгон, эмч болгон сайн биш гэдгийг манайхан одоо ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Грандмед эмнэлэг нугалам хоорондын жийргэвч болон мэдрэлийн ёзоор дарагдлын бүх төрлийн дурангийн хагалгааг олон улсын төвшинд хийдэг болсон нь манай иргэд эх орондоо эмчлүүлэх, цаашлаад эдийн засгийн эрсдэлд орохоос сэргийлэх сайхан боломж юм.

  • Бид хүзүүний дурангийн хагалгааг нутагшуулж чадлаа. Мэдээж энэ нарийн мэс заслыг нутагшуулахад их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан байх, энэ тухай яриач?

Манай хамт олны 10 гаруй жилийн нөр их хөдөлмөрөөр эдгээр технологи бий болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд байнга тусалж, бидний ажиллах бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгсөн Жигүүр Гранд Группын хамт олондоо бид байнга талархаж явдаг. Бид багийнхаа хувьд энэ хагалгааг нутагшуулсандаа баяртай байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Япон, Солонгосын шинэ технологиудыг судлан, нэгтгэж,  харьцуулсан судалгаа хийсний үр дүнд энэ бүхний дундаас өөрийн гэсэн жинхэнэ шилдэг технологийг бүтээж чадсанаар бид дэлхийн төвшинд гарсан. Эргээд бидэнд заасан гадаадын эмч, эмнэлгүүд маань буцаад манай эмч нарын бүтээсэн шилдэг технологийг өндрөөр үнэлж, биднээс суралцаж байна. Нэг үе бид дандаа эрүүл мэндийн салбарын хөгжлийн хойноос нь явдаг байсан бол өнөөдөр зэрэгцээд явах чадамжтай боллоо гэж хэлмээр байна.

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ ХҮЗҮҮНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ЭМНЭЛЭГ БОЛЛОО

Грандмед эмнэлгийн ололт, амжилт, нөр их хөдөлмөрийг Монголд төдийгүй Олон улсад үнэлж Швейцар, АНУ зэрэг орнуудад болсон нэр хүндтэй хурал, фестивалиас удаа дараа шагнал хүртээд байгаа билээ.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх